УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тойрогтоо ажиллаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг Тарагт сумын иргэд, төрийн албан хаагчдад танилцуулан тэдний саналыг сонслоо.

Монгол Улс 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа баталж, даяар олноо зарлан тунхагласнаас хойш 27 жил өнгөрчээ. 2011, 2012, 2013 онд УИХ-ын зарим гишүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл санаачилж байв.
• 2016 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага байгаа эсэхийг эрдэмтэн, судлаачдаар судлуулсан бөгөөд “шаардлагатай” хэмээн үзсэний улмаас 2017 онд УИХ-ын даргын захирамжаар “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг”-ийг байгуулсан юм. 
• УИХ-ын Тамгын газраас төслийн анхны хувилбарыг улсын хэмжээнд 68 удаа хэлэлцүүлж, 327 375 иргэнээс 5 584 832 нэгж санал хүлээн авч, бүртгэсэн байна. 
• Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 62 гишүүн гарын үсэг зурж, УИХ-д өргөн барьсан бөгөөд энэ сарын 18-ны өдөр хуралдсан УИХ-ын чуулганаар төслийн нэг дэх хэлэлцүүлгийг зохион байгуулав.
• Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, төслийг ард нийтэд танилцуулан, тэдний саналыг солилцлоо.