Түүх, соёлын дурсгалт газрууд
ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ГАЗРУУД
Тарагт сумын нутагт нэн эрний үеэс хүн амьдарч байсан ул мөр болох чулуун ба хүрэл, төмөр зэвсгийн үеийн дурсгалууд, чулуу, хүрэл, зэвсгүүд, хутаг, хадны сүг зураг олон бий. Хүрэмтийн халуун рашаан, Хунтын гарамны чулуун хөшөө, Бажийн дөрвөлжин бичээст чулуу, Хадатын гуяын хөшөө, Арвайхээр морины хөшөө, Төрийн зүтгэлтэн П.Гэндэн агсны төрсөн газарт босгосон дурсгалын самбар зэргийг нэрлэж байна.
ХҮРЭМТИЙН ХАЛУУН РАШААН
Хүрэмтийн халуу рашааныг өнө эртнээс өдгөө хүртэл ардын эмчилгээнд хэрэглэж иржээ. Энэ рашаан нь өнгөн хөрсөн дээрээ 58-60 градусын халуунтай, гүндээ градус нь улам нэмэгддэг байна. Хүрэмтийн рашаан нь хүхэрт устөрөгч ихтэй рашаан юм. Энд 10 гаруй төрлийн рашаанууд байдаг ба тус бүртээ ундарга булагтай. Энэ рашааныг дотрын өвчин, мэдрэлийн өвчин, арьсны өвчин, үе мөчний өвчнүүдийг анагаахад сайн гэлцдэг. Рашааныг уух болон рашаанд орж эмчилгээнд хэрэглэдэг. Уг рашааныг түшиглэн 1960 онд Хүрэмт рашаан сувиллыг байгуулж, Нэгдэл дундын сувилал болгон эмчилгээнд ашиглаж иржээ.
ХАНГАЙН ОВОО
Одоогийн Зүүнбаян-Улаан сумын нутаг хангайн нурууны салбар ууланд орших Хангайн овоо бол Тарагт сумын тахилгат уул байснаар үл барам Үйзэн вангийн хошуу, хожмын Арвайхээрийн хошууг бүрдүүлж байсан одоогийн Тарагт, Зүүнбаян-Улаан, Баянгол, Гучин-Ус, Төгрөг, Арвайхээр сумын эртний уламжлалт тахилгат уул байжээ. Хангайн овоо нь халхын алдартай онгон шүтээнт таван овооны нэг. Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу хожмоо Арвайхээр хошууныхны эртнээс тахин шүтэж ирсэн тахилгат уул ажээ.
АВЗАГА ХАЙРХАН
Тарагт сумын ард иргэдийн тахилгат уул нь Халхын таван овооны нэг Хангай овоо, шүтэж хүндэтгэдэг уул нь Авзага хайрхан юм. Авзага хайрханыг хар лусын савдагтай, хангал хайнаг шинжтэй гэлцдэг бөгөөд архи, айраг, цагаан идээгээ өргөдөг. Алс газар явах нутгийн хүмүүс чулуунаас нь авч явдаг заншилтай. Харь нутагт яваа нутгийн хүмүүсээ өмөөрөн хамгаалдаг хэмээн шүтэн биширдэг ажээ. Нутгийнхан “Ав хайрхан” хэмээн хүндлэн дээдэлдэг. Авзага хайрхан магтаалтай.
ДОМОГТ БӨХ БОРХОЙ БҮРГЭД
Эрт урьд цагт энэ Арвайхээрийн талын сав нутагт Борхой Бүргэд хэмээх хосгүй их бяр тэнхээтэй бөх байсан тухай домог, түүнтэй холбоотой газар нутаг одоогийн Тарагт, Зүүнбаян-Улаан, Баянгол, Төгрөг сумдаар элбэг байх бөгөөд түүний тухай сонсоогүй хүн бараг үгүй ажээ. Борхой Бүргэдийн түүхтэй холбогдох эх нутагт нь үлдсэн дурсгал бол түүний хэдэн ямаандаа шидсэн хэмээдэг хааш хаашаагаа 3-4 метрийн хэмжээтэй хадан цохио юм. Түүнийг нутгийнхан “Борхойгийн чулуу” хэмээдэг. Тэр чулуу Тарагт сумын төвөөс урагш 6 километрийн орчимд Өвөр-Шандны ам гэдэг газар байдаг. Домогт бөх Борхой Бүргэдийн дурсгалтай энэ чулууг Арвайхээрийн хошууны бөхчүүд хүндлэн дээдэлсээр эдүгээ уламжилжээ.
АРВАЙ ХЭЭРИЙН ТАЛ
19 зууны сүүлч 20-р зууны эхэн үеэр арван баядын хошууны борлууд овгийн Сумъяагийн Арвай гэдэг алдарт шилийн сайн эр байжээ. Нэг намар Сайн ноён хан аймгийн нутагт явж байгаад Агь үйзэн вангийн хошууны өргөн уудам талд халхын даншиг наадам болж байсныг сонирхохоор очиж гэнэ. Даншиг наадам дээр уулзсан халхын сайн эрсийн нэг нь Арвайг наадам тарахаас өмнө мордож явахыг зөвлөсөн байна. Арвай ч хурдан хээр мориндоо мордон ташуураа далай тойрон хүрээлэгчдийг сэт дайрч, мөрдөн хөөгчдөд баригдалгүй хол тасран одсон байна. Үүнээс хойш наадам хийж байсан тэр талыг шилийн сайн эр АРВАЙ хийгээд түүний хурдан хээрийн нэрээр Арвайхээрийн тал буюу Арвайн тал гэж нэрлэсээр иржээ.
МОНГОЛ ТҮМНИЙ МОРИНЫ ИХ ШҮТЭЭН
Монгол түмний морины их шүтээн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас 15 киломер буюу алдарт Арвайн талд залж бүтээсэн их шүтээн цогцолбор юм. 2007 оны 8 сард ард олноо нээн хүртээл болгосон. Шүтээнийг босгосн газрын нэр нь Баян толгой бөгөөд эрт дээр үеэс хурдан морь уядаг хүмүүс тахиж шүтэж ирсэн ирсэн төдийгүй алдарт Аравгар хээр морь хурдан хүлгийн төрж өссөн газар ажээ. 1709 онд ламын гэгээнийг 5 настай 2 дугаар дүрд тодруулан ширээнд залж их даншиг наадам хийхэд 1000 гаруй хурдан хүлгээс Аравгар хээр морь түрүүлэн ирж мөнхөрсөн түүхтэй.Их шүтээний төв хэсгийн диаметр нь 10 метр, хүндэтгэлийн хоёр багана нь 5 метрийн өндөртэй. Хагас тойрог хэсэгт 12 багана бсогож, хойморт нь 3 метр өндөр Дамдинянсан буюу хурдан морины сахиус бурхан Хаянхярвааг бүтээж шилэн гуунд байрлуулжээ. Төв дунд нь газар газрын хурдан морины төлөөлөл болгон алдарт Аравгар хээрийн хөшөөг босгож хүрд ба сангийн бойпор байрлуулсан. Төв хэсгийн гадна талаар 25 диаметртэй тойрог бүхий хашаа барьж, дотор нь мод тарьж, орох талдаа 3 метрийн өргөн явах хүний замтайгаар бүтээжээ. Гадуурхи 108 суваргын 96 суварга нь 2,6 метр өндөр 12 суварга нь 3 метр өндөр юм. Суварга болгоны сууринд жаргалын найман морийг хоёр хоёроор нь гадагш харуулан бүтээж, суурины дотор талд нь найман тахилыг хоёр хоёроор нь дөрвөн талд нь товойлгосон байна. Эдгээр бурхадад байнгын өргөл өргөж байгааг илтгэхийн зэрэгцээ ард түмэн маань жаргалын найман морь шиг үргэлжийн аз жаргал, цог хийморьтой байхыг бэлгэджээ.