МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН ПЭЛЖИДИЙН ГЭНДЭН

Монголын парламентат төр-Монгол улсын бага хурлын дарга Монгол улсын ерөнхий сайд  асан П.Гэндэн 1985 онд Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг Алтан тал гэдэг газарт малчин эмэгтэй Пэлжидийн ууган хүү болон төржээ. П.Гэндэн багаасаа мал маллахын зэрэгцээ нутгийн монголч Гаваагомпил мэйрэнд шавь орж гэрийн сургалтаар боловсрол олж 1920-1921 оны заагаар  орон нутгийг түйвээн сүйтгэж байсан  гамин цагаантаны эсрэг тэмцэж байсан нутгийн баг цэрэгт оролцож хошуу нутгаа хамгаалалцаж явсан бөгөөд 1921 оны ардын хувьсгалыг талархан угтагсадын нэг билээ.

Тэрээр 1924 оны 11-р сард Монгол улсын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр сонгогдон нийслэл хүрээнд хоёр дахь удаа ирж их хурлын ажиллагаанд идэвхтэй оролцож анхдугаар үндсэн хуулиа батлалцан БНМАУ-ын бага хурлыг байгуулахад даргаар нь сонгогджээ. П.Гэндэн 1924-1928 онд БНМАУ-ын Бага хурлын  тэргүүлэгчдийн дарга, 1928-1932 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга, 1932-1936 онд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн ерөнхий сайд, Гадаад явдлын яамны сайд, МҮЭ-ийн Төв товчооны дарга, Улсын банкны ерөнхий хорооны даргаар тус тус хавсран ажиллаж төр засгийн удирдах албыг улс төрийн ээдрээ төвөгтэй үед хашсан юм. Энэ хугацаанд П.Гэндэн 40 гаруи томооохон өгүүлэл, таван ном бичиж нийтлүүлснээс гадна түүний олон илтгэл хэлсэн үг хэвлэгджээ. 1932 оны 6 дугар сард хуралдсан МАХН-ын Төв хороо, НХБТК-ын хамтарсан III онц бүгд хуралд П.Гэндэнгийн тавьсан илтгэлийг хэлэлцээд монгол орны байдалд дүн шинжилгээ хийн зүүний алдаа завхралыг засч шинэ эргэлтийн бодлогыг явуулах шийдвэр гаргасан билээ. Шинэ эргэлтийн үзэл санаа монгол орны бодит байдалд нийцсэн нь П.Гэндэнг БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн ерөнхий сайдын албыг хашихад хүргэжээ П.Гэндэнгийн ерөнхий сайд байсан 1932-1936 он бол алдсанаа засч, оносноо батжуулах шинэчлэлийн болон шинэ эргэлтийн үзэл санаагаа хэрэгжүүлэх боломж олгосон он жилүүд байв. Гэтэл монгол эх орноо гэсэн П.Гэндэнгийн үзэл санаа социализмын зөвлөлт загварт харшилсан учир түүнийг буруутгах болсон юм. П.Гэндэнг буруутгасан нэг дэх зэмлэл нь түүний дэвшүүлсэн “баяжихтун” лоозон, хоёр дахь зэмлэл нь нам, төрийн харилцааг зааглах нам бол захиргаадлын хүч биш улс төрийн жолоодогч байх ёстой гэдэг чухал санаачилга гаргасны нь хувьд намын үүрэг ролийг бууруулж Намын төв хороог засгийн газрын улаан булан болгох гэлээ гэж буруутгасан юм. П.Гэндэнд тулгасан гурав дахь зэмлэл нь лам нарыг тойрон бүсэлж устгах талаар Сталины өгсөн даалгаврыг биелүүлээгүй, шашин лам нарыг тэтгэн дэмждэг, шашин лам нарын талаархи намын бодлогыг гуйвуулсан хэмээн буруутгасан юм. МАХН-ын Төв хорооны 1936 оны хоёрдугаар бүгд хурлаас П.Гэндэнг монгол орны гадаад дотоод бие даасан бодлогын асуудлаар намын удирдах ролийг бууруулах гэсэн, “баяжихтун” гэсэн лоозон гаргаж мөлжлөг төрүүлэхийг оролдсон, лам нарын эсрэг тэмцлийг сулруулж тойрон бүсэлж устгах тухай Сталины зааврыг хэрэгжүүлэгүй, батлан хамгаалах асуудалд анхаарал тавилгүй, ЗХУ-аас өө сэв эрж Сталинтай маргасан гэж буруутган Намын төв хорооны тэргүүлэгч гишүүнээс гаргаж БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн ерөнхий сайдын албан тушаалаас халжээ. П.Гэндэн гэр бүлийн хамт ЗХУ-д нэг жилийн хугацаагаар амруулах засгийн газрын шийдвэрээр 1936 оны 3 дугаар сард ЗХУ-ын Крымд очжээ. Гэтэл тэр нь амралт биш улс төрийн цөллөг байв. П.Гэндэн тэнд жил гаруй байх хугацаандаа Монголын түүхээр ном бичиж, ганц гүүний айраг исгэн ууж, шатрын тэмцээнд орж түрүүлж байсан мэдээ бий. Тэнд байхдаа эх орондоо буцахыг хүсч ерөнхий сайд Амарт бичсэн захидалдаа: “Малын үнэр, аргалын утаагаа санаж байна Ганц хүүхэд маань монгол, орос нь ялгагдахгүй болчих вий гэж айх юм” гэж бичсэн байдаг. П.Гэндэнг ЗХУ-ын дотоод хэргийн ардын комиссариатаас (НКВД) 1937 оны долдугаар сард улс төрийн хилст хэрэгт баривчилж мөн оны 11-р сарын 26 буюу БНМАУ-ыг тунхагласан баярын өдөр ЗХУ-ын хуулиар цаазаар авах ял заан, тэр өдөр нь Москвад цаазалсан юм. Тэр үеэс Гэндэн Дэмидийн хувьсгалын эсэргүү хэрэг гэгчийг бий болгон түүнд гэм зэмгүй 30 гаруй мянган хүнийг хомроглон баривчилж залхаан цээрлүүлж, толгойлогч нь П.Гэндэн Г.Дэмид нар гэж үзэн үзэл суртлын бүх хэрэгслээр сурталчлан золиосолсон юм.

П.Гэндэнд холбогдуулсан хувьсгалын эсэргүү, японы тагнуул хэмээх хэрэг гэгчийг ЗХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1956 оны 12-р сарын 15-ны өдрийн магадлалаар хэрэгсэхгүй болгон цагаатгасныг үндэс болгон БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажил эрхлэх комиссын 1962 оны 2-р сарым 13-ны өдрийн 80 дугаар тогтоолоор цагаатгаж нэр төрийг нь сэргээжээ. П.Гэндэнгийн улс төрийн үйл ажиллагааг дотоод, гадаадын нэлээд эрдэмтэн түүхч судалж ном бүтээл туурвисан. Үүнд ОХУ-ын эрдэмтэн С.К.Рощан 2008 онд хэвлүүлсэн “П.Гэндэн бол Монголын үндэсний удирдагч” гэсэн номдоо түүнийг тухайн цаг үедээ жинхэнэ Монгол түмнийхээ эрх ашгийг хамгаалж байсан удирдагч гэж дүгнэжээ.