Орон нутгийн эмэгтэйчүүдийг идэвхижүүлэх, хууль эрхзүйн мэдлэгтэй болгох, хамтач нөхөрсөг байдлыг бий  болгох зорилгоор 44 эмэгтэйчүүдийг хамруулсан өдөрлөгийг Тарагт сумын Хүүхэд хамгааллын хамтарсан багийн 5 гишүүн  явууллаа.

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиар Хэсгийн төлөөлөгч Ө.Ишдорж, Хүүхэд хамгааллын тухай хуулиар Гэр бүл, хүүхэд, залуучууд, нийтийн биеийн тамир хариуцсан мэргэжилтэн Д.Баярмаа нар сургалт явуулсан бол Төрийн захиргааны асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Есөн-Эрдэнэ Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн талаар гарын авлага бэлтгэн иргэдэд тараасан.

Эмэгтэйчүүдийг өнгөөр ялган өртөөлчилсөн хэлбэрээр мэдээлэл өгсний нэг нь хүүхэд хамгааллын өртөө байлаа. Энэ өртөөн дээр хүүхдийн эрх, хүүхдийн хүчирхийллийн хэлбэрүүд, гэр бүлийн хүчирхийллийн төрөл, хүүхэд хамгааллын хамтарсан багийн танилцуулга, иргэдэд хүүхэд хамгааллын багаас үзүүлж буй тусламж дэмжлэгийн талаарх мэдээллийг зурган хэлбэрт бэлтгэн танилцуулсан. Мөн хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга  сэдэвт гарын авлага тараасан.