Малын цэцэг өвчин дэгдэж байгаа тул иргэд, малчид урьдчилан сэргийлнэ үү!!!

Тарагт сумын ЗДТГазрын ажлын хэсэг, багуудын МЭҮНэгжийн малын эмч нарын хамт Туяа баг, Алтан тал багийн малын гоц халдварт цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн өвчний голомтод болон голомт тойрсон өрхүүдээр орж, малд үзлэг тандалт, халдваргүйтгэл хийж өвчний талаар мэдээлэл хийж, гарын авлага тарааж ажилласан. Цэцэг өвчний хяналтын хүрээнд

• Голомтын өвчтэй малтай мал нь нийлсэн эсэх бэлчээр, ус хамт эсэх талаар судалгаа гаргасан.

• Туяа багийн мал эмнэлгийг хариуцсан Тарагт жирэм мал эмнэлэг үржлийн нэгжийн эмч Э.Мөнхбат, Б.Номунгоо нар голомтын бүсэд байгаа 8 өрхийн 8000 толгой малд үзлэг хийж цэцэг өвчний шинж тэмдэг илрсэн малыг тусгай хашаанд хийлгэн 5000 хонинд урьдчилан сэргийлэх вакцин хийж, голомтыг тойрсон 12 өрхийн 10900 толгой мал, нийт 16 өрхийн 11400 толгой малд урьдчилан сэргийлэх тарилга хийсэн.

• Алтан тал багийн мал эмнэлгийг хариуцсан Дүүрэн арвин буян МЭҮН-н эмч В.Даваажаргал 8 өрхийн 3000 малд цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийсэн.

• Голомтын бүсэд байгаа вакцинд хамрагдах шаардлагатай тус 2 багийн 24 өрхийн 15000 малын судалгааг гарган аймгийн МЭГазарт хүргүүлэн яаралтай дархлаажуулалтын төлөвлөлтийг МЭНСистемд оруулсан ба вакцинаа татан авч дархлаажуулалтын ажлыг эхлүүлж вакцинжуулалтын ажил 100% хийж дууссан.

• Алтан тал, Туяа багийн голомтыг хязгаарлан хүрээ тогтоож, яаралтай дархлаажуулах 70 өрхийн 21000 мянган толгой малыг вакцинжуулахаар аймгийн МЭГ-т судалгаа хүргүүлээд байна.

МАЛЫН ЭМЧ ТАНД ЗӨВЛӨЖ БАЙНА.

Хонь, ямаа, төл малд өндөр халуурал, арьс, салст бүрхүүлд гүвдрүүт цэврүү үүсэж, дотор эрхтний үрэвслийн шинжээр илэрдэг малын гоц халдварт, олон улсын худалдааны хорио цээртэй цэцэг өвчин юм.

Хонины цэцэг өвчний нууц үе нь 21 хоног хүртэл, эхлээд +41-42 хэм хүртэл өндөр халуурна. Нүдний зовхи нь хавагнаж, хамар нүднээс салсархаг, заримдаа идээтэй шингэн гоожих, зүрхний цохилтын тоо олширч, амьсгаадах байдал үзүүлж, хамар нүдний эргэн тойрон, сүүлний дотор тал, суга, цавь, дэлэн, хэвлийн арьсан дээр улаан толбо гарч, дараа нь булдруу болж 1-3 хоног байна.

Иймд иргэд өвчний голомттой нутаг дэвсгэрт отор, нүүдэл хийж зорчихгүй байх, мал, амьтны шилжилт хөдөлгөөн тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний худалдаа наймаа хийхгүй байхыг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

Мөн хонь, ямаанд дээрх шинж тэмдгүүд илэрвэл харьяа аймаг, сумын мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг АНХААРУУЛЖ байна.