ТАРАГТ СУМЫН ҮҮСЭЛ

Сайн ноён хан аймаг одоогийн Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Булган, Өмнөговь аймгийн нутгийг хамарсан 22 хошуутай байсны нэг нь Агь үйзэн вангийн хошуу бөгөөд энэ хошуу нь Тарагт, Зүүнбаян-Улаан, Арвайхээр, Баянгол, Төгрөг сумдыг хамарч байжээ.

1707 оны улаагчин гахай жил Манж чин улсын Энх-Амгалан хааны 46-р анд сайн ноён хан Шамбын отгон хүү тэргүүн зэрэгт гавж Цэрэндашид хошуу таслан өгч ийнхүү Сайн ноён хан аймгийн Сайн ноён хошуунаас Үйзэн засгийн хошууг байгуулжээ. Энэ хошууг Шамбын отгон хүү Цэрэндаш гүнээс авахуулаад хамгийн сүүлчийн хошуу ноён Бат-Очирыг хүртэл 14 ноён угсаа залган суужээ.

1923-1924 оны заагаар хуучин төрийн байгууллагыг ардчилсан сонгуулийн үндсэн дээр өөрчлөн байгуулахад Сайн ноён аймгийн Агь Үйзэн вангийн хошууг Цэцэрлэг мандал аймгийн Арвайхээрийн хошуу гэж нэрлэн тус хошууг Ахар уул, Тарагт гол, Зүүн гол, Орхон гол, Дэлгэрэх булаг, Халуун ус, Марз бүрд, Төгрөг нуур, халуун ус, Мөнх булаг, Өрхтэй, Хонхор гэсэн 18 сумтай шинэчлэн байгуулсаны төвийн гол сум нь Тарагт сум болж анх одоогийн Туяа багийн Тарагтын гол дээр байгуулагджээ.

1931 онд засаг захиргааны өөрчлөлтөөр хошуудыг татан буулгахад Арвайхээрийн хошууг Тарагт, Төгрөг, Зүүнбаян-Улаан, Өндөр өнц, Гучин ус гэдэг 6 сум болгон зохион байгуулсны нэг нь Тарагт сум юм. Тарагт сум нь баруун талаараа Хайрхан дулаан сумтай, баруун хойд талаараа Уянга сумтай, хойд зүүн талаараа Зүүнбаян-Улаан сумтай, өмнө талаараа Баянгол, Төгрөг сумтай, баруун урд талаараа Гучин-Ус сумдтай хиллэдэг Өвөрхангай аймгийн төвийн сум билээ.

1924 оны 2 дугаар сард одоогийн Мал аж ахуйн Туяа бригадын нутагт 17 гишүүнтэй, ХЗЭ-ийн үүр байгуулагдаж, үүрийн даргаар Д.Дамба, нарийн бичгийн даргаар Ц.Сүнгэрэв нарыг сонгож байсан нь сумын ХЗЭ-ийн хорооны үндэс болсон байна. Сум байгуулагдахдаа 10 гэрийн нэг “арван” гэж нэрлэн 140 өрх, 14 арвантай, 2000 гаруй хүн амтай байжээ. Тарагт сумыг 1951 онд Хүрэмтийн голд одоогийн Тарагт сумын төвд шилжүүлэн байршуулжээ. 1992 онд Ардчилсан шинэ үндсэн хуулийн зохион байгуулалтаар Тарагт сумын ардын дептатуудын хурлын гүйцэтгэх захиргааг засаг даргын тамгын газар болгон Туяа, Арвайн тал, Хүрэмт, Өлзийт, Урт, Ихбулаг, Алтан тал гэсэн засаг захиргааны 7 багтай болгон зохион байгуулжээ. 2000 онд Өлзийт багийг Хүрэмт багтай нэгтгэн Хүрэмт баг болгож 6 багтайгаар өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна.