СУМЫН ЗАСАГ ДАРГА ХАЛТАРЫН ДАШДЭЛЭГ

Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг Хүрэмт хэмээх газар 1971 онд төрсөн. Ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Бага насандаа цэцэрлэгт сурч хүмүүжин, 1981-1987 онд Тарагт сумын 8 жилийн дунд сургуульд, 1987-1989 онд Арвайхээр сумын 10 жилийн дунд сургуульд сурч бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Улмаар Улаанбаатар хотод ХААИС-д элсэн 1989-1994 онуудад суралцаж, мал зүйч мэргэжил эзэмшсэн. 2006 онд Монголын хоршоодийн холбооны төвд суралцаж, хоршооны сургагч багшаар бэлтгэгдсэн. Их сургууль төгсч ирээд 1994 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд мал зүйчээр томилогдон ажиллаж ажлын гараагаа эхэлсэн. 1997-1999 онд тус сумын "Бат зам" ХХК-д дэд захирал, 2001-2003 онд Бат-Өлзий сумын Өвт багийн Засаг даргын албыг хашиж байсан. Тус суманд ажиллаж байхдаа 1998-2000 онд сумын залуучуудын холбооны тэргүүн, 1996-2004 онуудад аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан.

2003-2010 онд Дэлхийн зөн Арвайхээр ОНХХ-т төслийн ажилтан, хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж байсан. Ажиллах үедээ Тарагт, Уянга, Бат-Өлзий, Хужирт, Баянгол сумдуудад хөдөө аж ахуй болон эдийн засгийн салбарт төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байсан.

2009 онд "Арвайн өгөөж" ХХК-ыг үүсгэн байгуулж, газар тариалан, уул уурхайн салбарт ажиллаж байгаад 2012 оноос Тарагт сумын засаг даргаар ажиллаж байна. Ажиллах хугацаанд гаргасан ажлын амжилтуудыг төр засгаас үнэлэн "Алтан гадас" одон, "Уул уурхайн тэргүүний ажилтан", "Тусгаар тогтнол" одон болон бусад ойн медалиудаар шагнасан байна.